Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УРГИЙН БИЧГИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Нэг удмаас гаралтай ах дүү, төрөл садны хүмүүсийг хүн нэг бүрээр тэмдэглэн үе улируулан хөтлөсөн бичиглэл юм. Удам угсааны бичиглэл хөтлөх нь нэг талаас өвөг нэгтэй хольгн ах дүүсийн хооронд төрөл ойртсон гэрлэлт үүсэх, удам угсаандаа ямар нэгэн удамшлын өвчин эмгэгтэй үр удам төрөх нөхцөл бүрдэхээс сэргийлэх нэн чүхал ач холбогдолтой. Нөгөө талаас өвөг дээдэс хамаатан саднаа танин мэдэх, тэднийхээ алдар цуугаар бахархах, үр хүүхэддээ үлгэр дуурайл болгох үнэт өв болох юм.
Бидний өвөг дээдэс маань удам угсаагаа эрүүл сарүүл байлгах, удам дотор ямар нэг доройтол үүсэхээс сэргийлэн, угсаа гарлаа сайтар мэдэж, удам угсааны бичиглэлээ нягт нямбай хөтлөн улмаар түүнийгээ дараагийн үе удамдаа өвлүүлэн үлдээсээр ирснийг сурвалж бичгүүдэд олонтаа дурдсан байдаг.
Эзэн Чингис хаан "Есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүн" хэмээн айлтгаж, өөрийн арван гурван үеийн удмын хэлхээг манай соёлын үнэт өв "Монголын нууц товчоон "-нд толилуулсан байдаг бөгөөд уг зохиолд гэр бүл болох удам судрын ёсыг нягт нямбай гарган, удам ойртохоос нэн их сэрэмжилж байсныг тод томруун тусгасан байдаг.
Монголын их бичгийн хүн В.Инжинааш "Үндсээ үл мэдэх нь адгуус буюу, Тайж бөгөөд өвөг юугаан үл мэдэх нь мал буюу. Нүд буй бөгөөд түүх юугаа үл үзэх нь сохор номин буюу. Мэдэлтэй бөгөөд язгуур юугаа үл мэдэх нь мунхаг гоомой буюу " хэмээн хэлсэн байдаг.
Монголчуудын дунд эрт үед хэрэглэгдэж байсан овгийн бүтэц нь төрөл садны хүрээнд цус ойртолт үүсэхээс сэргийлж байсан нэг арга хэрэгсэл болж байсан байна. Учир нь овгийн нэр нь тухайн удам угсааныханд үе дамжин уламжлагдан хэрэглэгддэг, хүмүүс овгоороо эхэлж танилцдаг байсан, үр хүүхэддээ овгоороо дамжуулан төрөл саднаа таниулдаг байжээ.
Ураг гэдэг нь хоёр өөр бодьгал биеийн хүйсийн хүйн холбоогоор хослон ураглах үйл явцын уураг үрийн шингэний нэгдэлээр үүсэн бүрэлдсэн, урган төлжих чадавхитай уураг биеийг хэлнэ. Уураг биеэс урган төлжиж хөрстөд төрсөн биеийг ураг бие хүн буюу бодьгал хүн гэнэ.
Тэгвэл ургийн бичиг гэж өөрийн ураг бие болон бодьгал биеийнхээ ургийн холбоо хэлхээ бүхий хүмүүсийнхээ түхай тэмдэглэл өгүүлэмж шашдир бичлэг, хэлхээ зурлага бичвэрийн нэгдлийг  хэлдэг байна.
    Тухайн бодьгалын ургийн холбоо хэлхээ хүмүүс гэдэг нь өөрийн ураг бие буюу бодьгал биеийн мах цусан барилдлагатай төрөл бодьгалуудаа ургийн төрөлсөх хүмүүс гэж үзэн өөртэйгээ холбон барилдуулахыг ургийн хэлхээ гэнэ. Ургийн хэлхээ нь:
-Нэг бол өөрөө тэдгээрээс төрсөн /хүүхэд нь /
-Нэг бол тэдэнтэй нэг эцэг эхээс төрсөн /ахан дүүс /
-Үгүй бол өөрөө түүнтэй ургийн хүйн холбоонд орсон /эхнэр нөхөр /
-Эсвэл өөрийн биеээс төрсөн /үрс /
-Нөгөө бол төрсөн ураг төрөлтэй маань хүйн ураг холбоотой /хүргэн
бэр/ гэх мэт ямар нэгэн хэлбэрээр ураг хүйн холбоо бүхий өөртэй чинь ургийн аль нэгэн хэлхээгээр холбогдсон бодьгалуудыг хэлнэ. Тухайлбал дараахи ураг, хүйн хэлхээтэй хүмүүсийг ураг төрөл улс гэж нэрлэнэ.
1.Өөрийн биеийг төрүүлсэн эцэг эх, тэдний ураг төрөл болох дээд төрлийн удмын алт, мөнгөн ургийн хүмүүс.
2.Өөрийн ураг барилдсан хань ижил болох эхнэр,нөхөр түүний ураг төрөл буюу өөрийн тань хадам, төрхөм төрлийн хүмүүс.
3.Өөрийн тань гэр бүлээс төрсөн үр хүүхэд тэдний үрс таны ач зээ гэх мэт удмын тань залгаа хүмүүс.
4.Өөрийн тань нэгэн эцэг эх ам бүлээс төрсөн таны ах, эгч, дүү, эгч нар болон тэдний хань ижил хүргэн ах, дүү, бэр эгч, эгч нар ба тэдгээрийн үр хүүхдүүд буюу таны бүл, амин төрөл хүмүүс
Зэрэг өөрийн тань аги үеийн ураг болон хүйн төрөл хүмүүсийг хэлнэ.
Иймд ургийн бичгийг бичихийн тулд тухайн бодьгал хүн нь өөрийн удмын дотор зөвхөн өөрийн биеийн ургийн холбоо хэлхээ бүхий хүмүүсийнхээ тухай тэмдэглэлийг хөтлөн зурж, бичиж улмаар энэ нь үргэлжлэн дараах үеүүдийн ургийн бичигтэй залгагдан удмын түүх зурлага, шашдир бичиг болдог байна.
Ургийн бичгийн уг эх эхлэл нь та өөрөө байх ба та өөрөөсөө эхлэн ураг биеийн холбоо хэлхээтэй хүмүүсээ зурж бичих нь ойлгомжтой гэхдээ ургийн бичиг нь өөрийн тань алтан ургийн түүх шашдир, зурлага тул тэр бүрийг бүгдийг нь оруулах нь илүүц тул голчлон өөрийн амь ураг, хүйн төрөл хүмүүсээ чухалчлан тодорхой бичих нь чухал юм тэгэхдээ өөрийн удам судраа бас чиг өөрийн мэдэх хэмжээгээрээ товчлон ургийн бичигтээ тусган оруулж явахыг анхаарч байх хэрэгтэй юм
Ингэхлээр ургийн бичиг нь аль болох товч цэгцтэй байхын дээр нилээд тодорхой ойлголт өгөх тод томруун байх шаардлага тавигдах тул үүнийг эвцүүлэн бичих хэрэгтэй юм. Юутай ч гэлээ зөвхөн ураг бие бодьгал таны амьдрах үеийн түүх шашдир, зурлага тул жил бүр ургийн зурлага, шашдираа тодотгон бичиж үр хойчдоо үлдээх нь онцгой чухал гэдэг нь ойлгомжтой буйзаа.
Ургийн бичиг нь уг бодьгал таны удмын түүхэн зурлага, шашдирын залгаа бичиг учир удмыг бүрдүүлэгч өөрийн биеийн намтар, өрх гэр, ураг төрлийнхөө тухай зурж, бичиж тэмдэглэн үлдээх нь та удмынхаа түүхийг бичиж буй хэрэг билээ.
Ургийн бичиг нь зөвхөн таны ургийн бичиг боловч нөгөө талаасаа танай ураг, өрх, отог, омгын бичиг, улмаар таны ураг хүйн төрөл удмын тань бичиг мөн бөгөөд, алс хэтдээ бол ястан, угсаатан, үндэстний маань түүхийн нэгэн бичиг болох учир онцгой ач холбогдол нь оршино гэдгийг анхаарч байх нь чухал юм.
Ургийн хэлхээтэй төрөл хүмүүсийн дээд болон хойч ураг үеүүдийг нь үе бүрийнх нь уламжлалаар нь ургаас төрсөн ураг хэмээн нэгтгэн нийлүүлвээс хүмүүний удмын хэлхээ бүрэлдэн тогтох бөгөөд тэдгээр хүмүүсийн уламжлан нэршсэн ургийн нийтлэг үг нэгэн нэр нь тэднийг нэгэн ураг төрлийнхөн болохыг тодотгон тэдний удмынханы нэр болж бусад удмуудаас ялгах гол онцлог нь болно.
Удам гэдэг нь тухайн тодорхой нэгэн ургаас үүссэн нэгэн төрөл ургийн хэлхээтэй олон үеүүдийн бодьгал хүмүүсүүдийн нэгдэл гэсэн ойлголтонд хүрэх юм. Ингэж ургийн үргэлжилсэн хэлхээнээс хүмүүний удам үүсэн тогтдог байна.
Удмын хэлхээнд ураг төрлийн салаа, салбар, үржвэр олон ураг улс багтах учир аливаа бодьгал нь зөвхөн өөрийн алтан ураг төрлийн хэлхээгээ дангааршуулан авч явдаг бөгөөд түүнээсээ ураг төрлөө үелүүлэн удмын үе, мөч, мөчлөгөөрөө ураг удмын хэлхээгээ тогтоон байдаг билээ.
Ураг төрөл бол удмын үргэлжпэл, мөнхүү удмын эхлэл нь мөн тул удмыг үүсгэгч үндэс нь болж байдаг юм. Хүмүүний төрөлсөх холбооны учир иймийн тул "Ургийн бичиг" юугаа хүн бүр өөрийн ойлгомж хүсэл бодлоороо ямар нэгэн хэлбэрээр хөтлөн явах нь гарцаагүй чухал болох нь ойлгомжтой билээ.

Ж.Раднаабазар    "Угийн бичиг"
Ц.Цэрэндаш, Д.Цэцгээ  "Удам угсааны бичиглэл хөтлөхийн ач тус"
Ё.Саяням. "Ургийн бичиг хөтлөх"
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats